Monday, August 4, 2008

Ишгэн хүүд нас хайрлая хүмүүс ээ?

Ээжийнхээ энгэрт эрхэлж суусан Ишгэн хүү сувилагчийн авчирсан тариаг хараад “Хэнд хийх гээд байгаа юм бэ. Би хийлгэхгүй шүү” гэж тэнхээгээ шавхан арайхийж хэллээ. “Хоёр тариа байна шүү дээ” гэж хэлэх үг ч зүрх рүү зүү шивэхтэй адил. Харин ээж нь хүүгийнхээ сэтгэлийг засахыг оролдон “Тариаг хоёуланг ээж нь хүүгийнхээ өмнөөс хийлгэнэ” гэж худал хэлэв. Өнгөрсөн хавраас эхлэн хүү тариа хийлгэсээр эцэстээ түүнээсээ жигшсэн нь энэ аж. Гэвч өвчин намдаах тэр тариаг хийлгэхгүй бол хоол, унднаас гарч, бие нь улам доройтох тул яах ч билээ дээ. Хүү мэгшсээр…


Хавдар судлалын үндэсний төвд тав дахь сардаа эмчлүүлж буй Ишгэн хүүгийн дээд, доод эрүүний хэсэгт ясны хорт хавдар үүсчээ. Нүүрнийх нь баруун хацар тэр чигээрээ хавдаж, доод эрүү хэсэг рүү нь томоо гэгчийн цулцан “ургачихаж”. “Ямар их өвчтэй байгаа бол оо” гэж бодохоос эхлээд би хүүг үнсэж ч үл зүрхэлсэн юм. Амны хөндий нь тэр чигээрээ хавдсан тул идэж, уухдаа тааруу болж. Турж, эцэхээс нь сэргийлж, судсаар амин дэм хийж байгаагийн хүчинд өдий зэрэгтэй харагдаж байна даа гэж ээж нь учирласан. Эмнэлэгт хэвтсэнээсээ хойш дөрвөн курс химийн эмчилгээ хийлгэжээ. Туяагаар хорт хавдрыг нь шаруулж буй бөгөөд өчигдрийн байдлаар 24 дэх удаагаа шарлага хийлгэжээ. Тавхан настай юм шүү дээ. Туяа шарлагын дээд хэмжээ 30 удаа. Хүүд одоо зургаан удаа хорт хавдраа шаруулах л үлдэж… Дараа нь яах вэ, ямар эмчилгээ хийлгэх вэ гэдэг тааварлашгүй. Учир нь дээрх өвчин Монголд анх удаа оношлогдсон нь энэ бөгөөд урьд өмнө энэ төрлийн өвчнийг эмчилж байсан удаагүй тул эхний ээлжинд эмч нар химийн эмчилгээ хийж, торгоож буй аж. Хүүг гардан эмчилж байгаа Хавдар судлалын үндэсний төвийн Толгой, хүзүүний тасгийн их эмч Ц.Одонтунгалагийн эцэг, эхэд нь тайлбарласнаар Сингапурт очиж эмчлүүлэх боломжтой тухай дуулгасан нь сэтгэлийн мухарт гэрэл тусгажээ. Хүүгийн ээж, О.Даариймаагаас бид энэ талаар сонирхсон юм. Эмчлэгч эмчтэй нь уулзах төлөвлөгөөтэй байсан ч амралтаа авсан тул мухардсан болохыг энэ дашрамд тэмдэглье.

-Анх хүүхэд нь хэдийнээс эхэлж өвдөж эхэлсэн юм бэ. Эмнэлэгт хэвтээд багагүй хугацааг үдчихэж, өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж, хэвтсэн гэхээр?

-2007 оны арванхоёрдугаар сард “Хүү маань шүд өвдөөд байна” гэж хэлсэн юм. Улмаар нэг сарын дундуур зүүн буйл нь хавдсан. Бид тухайн үед аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт үзүүлж, нэлээд явсаар гуравдугаар сард хотод ирсэн л дээ. Хавдар судлалын үндэсний төвд гуравдугаар сарын 15-нд эд, эсийн гэсэн хоёр шинжилгээ хийлгүүлсэн. Шинжилгээний хариу нь “Дээд, доод эрүүний ясны хорт хавдартай гэж гарсан. Тэгээд л энд хэвтүүлсэн дээ. Одоо 24 дэх удаагаа туяа эмчилгээнд ороод байгаа. 30-аас илүү туяа эмчилгээнд орох ёсгүй юм билээ. Дахин туяа эмчилгээ хийлгэх тохиолдолд 3-5 жил өнжих ёстой. Гэвч хүүгийн маань өвчин тэр хугацааг хүлээж чадахгүй.

-Шүд өвдсөн гэхээр сүүн шүдэнд нь ямар нэг гэмтэл үүсч, түүнээс улбаалж, хүндэрсэн юм болов уу?

-Уг нь сүүн шүд нь ч унаагүй юм шүү дээ. Шүдний хувьд ямар ч өвчин, үрэвсэл байгаагүй. Гэвч ийм аюултай өвчин хүүг маань ороочихдог юм байна.

-Химийн эмчилгээ хийлгэснээр хүүгийнх нь өвчин намдсан уу, одоо ямар байна вэ?

-Эхний үед химийн эмчилгээ хийхэд хүүхдийн маань бие эрс дээрдсэн. Сүүлдээ дасал болж, тариа нь үйлчлэхгүй болсон. Тиймээс химийнх нь тариаг сольсон. Манай улсад анх удаа бүртгэгдсэн нь энэ юм билээ. Анх удаа бүртгэгдсэн болохоор яг тийм эмчилгээ хийх ёстой гэсэн тодорхой зүйл байхгүй. Тэгсэн ч Хавдар судлалын эмч нар чадлаараа л хүүгийн маань өвчинтэй тэмцэж байна даа. Эмчлэгч эмч Ц.Одонтунгалаг амралтаа дуусгаад орж ирүүтээ Сингапурын эмч нартай ярилцаж, хүүгийн маань өвчний оношийг орчуулж, тус улс руу явуулна. Интернэтээс энэ талын өвчнийг их судалж, холбогдох шугамуудаараа мэдээлэл авч байгаа. Дэлхийд энэ төрлийн өвчин 200 бүртгэгдсэн. Гэхдээ хорт хавдаргүй нь олонхи гэж эмч хэлсэн. Сүүлийн өдрүүдэд хүүгийн маань бие сайнгүй байгаа. Хавдарт нь өвчин нэмэгдээд хоол, унд олигтой иддэггүй. Байсхийгээд туяагаар шарахаар сүүлдээ хордлого өгдөг юм шиг байна. Бөөлжөөд байх болсон. Өнөөдрөөс дахиад л нэмэлт тарианд орж байгаа.

-Сингапурт очиж эмчлүүлэхэд хорт хавдрыг нь авна гэсэн үг үү. Эмч нь чухам юу гэж тайлбарлах юм?

-Сингапурт энэ өвчний өвдөлтийг намдаадаг манайд хэрэглэж байгаагаас илүүтэй хүчтэй үйлчлэлтэй химийн тариа байдаг гэсэн. Нэг ширхэг нь 3000-4000 ам. долларын үнэтэй. Хүүгийн маань өвчин одоо Монголд хэрэглэж байгаа эм, тарианд намдахааргүй болчихоод байгаа юм л даа.

Бас тус улсад хагалгаа хийж, хорт хавдрыг нь авдаг. Нүднээс доорх бүх эрхтнийг нь авдаг. Дараа нь химийн хүчтэй тариагаар нөхөн төлжүүлж ургуулдаг. Энэ хагалгааг хийлгэчихвэл хүүгийн маань нас уртасна. Шинжлэх ухаан хөгжиж байгаа болохоор дараа нь хийх эмчилгээ ч бас гарч ирэх талтай гэж эмч маань хэлсэн. Одоо бидэнд Сингапурт явж эмчлүүлэхэд шаардлагатай мөнгө хэрэгтэй.

-Хэдий хэмжээний мөнгө шаардах юм бол?

-Нэг хүний хэлэхээр 40-50 сая төгрөг шаардлагатай гэсэн. Гэвч тус улсад эмчлүүлж, хагалгаа хийлгэсэн хүний яриагаар дээрх сая төгрөг яах ч үгүй юм болов уу гэж бодогдсон. Хүүхдээ авч очуутаа эмнэлэгт хэвтчихгүй. Хаана байрлаж, хагалгаанд хэдий хугацаагаар бэлтгэж, орох вэ гэдгээс эхлээд цаг ихээр шаардах талтай. Эмч маань биднийг эхний ээлжинд мөнгөө цуглуулчихвал хүүхдээ эмчлүүлэх боломжтой гэж хэлсэн болохоор хандив цуглуулах ямар бололцоо байна түүнийг хайя гэж шийдсэн. Хүүгээ эмчлүүлээд авбал болно оо. Хүмүүс их зөвлөгөө өгөх юм. Нэг хэсэг нь банкныханд хандаж, хамгийн бага хүүтэй зээл хөөцөлдвөл яадаг бол. Дараа нь төлчихгүй юу гэх. Нутгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаад үз гэж байна. Манай нөхөр Өвөрхангай аймгийнх л даа. Уг нь би УИХ-ын гишүүн Г.Батхүү рүү наадмын үеэр гар утас руу нь залгаж, учир байдлаа хэлсэн юм. Наадмын дараа яриарай гэсэн. Ажил ихтэй байгаа болов уу гэж санаад утасдаж чаддаггүй. Амьдрал гэдэг чанга юм даа. Нөхөр маань хоёр настай хүүхэдтэйгээ Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж байгаа. Хүүхдийн маань хөл гэмтээд эмчлүүлж байгаа юм. Манайх гэдэг айл хоёр, хоёроороо л эмнэлэгт энэ зуныг үдлээ. Гэхдээ шантрахгүй ээ, миний хүүд олон хүн тусалж, сэтгэлийн дэм хайрлана гэдэгт итгэж байна.

Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Хас банкны хамт олон хандивын данс нээж өгсөн. Т.Сайнжаргал Хас банк 20001554 тоот данс. Манай нутгаас ч хүмүүс бас эргэж тойрч байгаа.

Хүүгээ эдгээчихвэл… Энэ үгийг Даариймаа ээж олонтаа хэлсэн. Үхтэл үр харам гэх үгийн утга учир дээрх үгэнд нэвт шингэсэн шиг санагдсан. Өнөөдөр хүү өвчиндөө шаналж байгаа ч монголчууд та бидний их өглөгөөр ирээдүй рүү тэмүүлэх нь лавтай.

Уншигч та Ишгэн хүүд тусалж сэтгэлийн дэм хайрлахыг хүсвэл 99932378, 99866717, 70116766 дугаарын утсаар холбоо бариарай.

Нас хайрлая хүмүүс ээ.

Monday, July 21, 2008

10 настай хvvг хорвоог хардаг болоход нь тусалъя

Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Б.Бямбадорж хvv энэ жил гуравдугаар ангид орох ёстой. Тэрээр нэгдvгээр ангид байхдаа сургуулиасаа завсардсан байна.

Ангийнх нь багш самбар дээр бичсэн юм олж харахгvй байна гэж ээжид нь хэлснээс хойш хvvгийн хараа улам мууджээ. Энэ байдал 2006 оны арванхоёрдугаар сараас мэдрэгдэж эхлээд эмнэлэгт хандсан ч хагалгаанд орох хэрэгтэй, гэхдээ манайд хийх боломжгvй гадаадад явж хийлгэ гэсэн хариуг єгсєєр єнєєдрийг хvрсэн аж. Єрх толгойлсон эмэгтэй хvvгээ хараатай болгохоор аймгийнхаа албан газрууд болон УИХ-ын гишvvн, Барилга хот байгуулалтын яамны сайд Ж.Наранцацралт агсанд ханджээ. Тэрээр Солонгос руу хагалгаанд оруулахаар болж зардал, бичиг баримтыг нь бэлэн болгоод байхад харамсалтай зvйл тохиож хойшилжээ.

Тvvнээс хойш туслахуудад нь хандсан ч нааштай хариу аваагvй байна. Хvvгийн баруун нvд нь одоо юу ч харахгvй болж, зvvн нvд нь сул хараатай байгаа аж. Хvvхдийн гэнэн томоогvй зандаа хєтлєгдєєд урд байгаа зvйлээ харахгvй мєргєсєєр нvvрэндээ багагvй сорвитой болжээ. Єдєр ойр байгаа зvйлээ бага зэрэг хардаг, бvрэнхий болоход юу ч харж чадахгvй болсон vрийнхээ тєлєє эх хvний сэтгэл эмтэрч гадаадаас ирсэн эмч нарыг тосон vзvvлдэг байна. Саяхан манайд ирсэн Энэтхэгийн нvдний эмч нар хvvг vзээд энд хагалгаа хийхэд техник, багаж тєрєєрємж байхгvй манайд очиход тєгс хараатай болох болно гэсэн байна. Харин хагалгааны зардал 6000 доллар гэжээ. Ингээд хvvгийн ээж хоёулаа хардаггvй юм аа гэхэд ядахдаа нэг нvдийг нь хараатай болгочих vvднээс олон газарт ханджээ. Бусдын л адил ээж, аавдаа эрхэлж єсєх 10-хан насандаа хорвоог харахгvй болох зовлонд унаад байгаа хєєрхий хvvд тусалъя. Уншигч та сэтгэлийн єглєгєєрєє дэм болохыг хvсвэл "Хаан" банкны 5076053979 хандивын данс болон 99933249, 99596842 дугаарт хандаарай.

С.Баясгалан

Tuesday, June 10, 2008

Ээж аав нь голоод хаясан ч тэднийг эх орон нь голохгvй ээ


Хаалга хvртэл зассан явган хvний замын хоёр талын модон хашлаган дээр бяцхан жаалуудын эгдvv хvрэм, ємд цамц дэлгээтэй байлаа.
Vvдний дээр "Нялхсын клиник сувилал" гэсэн хаяг нvдэнд тодхон харагдана. Хаалга vvд нь ян тан, эвдэрч хэмхэрсэн юм нvдэнд торсонгvй. Дотоод засал ч дажгvй, гол нь цэвэр цэмцгэр. Жижvvрээс сураглан эрхлэгчтэй нь уулзаж хэдэн зvйл тодруулчихаад хоёр давхарт байрлах хvvхдийн анги танхимуудаар орлоо.

Хvvхэд єсгєхєд хэрэг болохуйц бvхэн энд байна аа. Энд тэндгvй шулганалдах эдгээр хvvхдvvд 0-3 настнууд аж. Эгдvv хvрээд базчихмаар хєєрхєн хvvхдvvд байвч эцэг эхийн хайрыг эдлэх тавилангvй нь єрєвдєлтэй. Тус тєв нь тураал, цус багадалт гэх мэт суурь євчтэй, нийгмийн эмзэг бvлэгт хамрагддаг, бvтэн ба хагас єнчин, бага жинтэй нярай, эцэг эхдээ хаягдаж гээгдсэн хvvхдvvдийг тухайн аймаг, хот, сум, дvvргийн Засаг даргын захирамж, цагдаагийн хэлтсийн албан тоот, шvvхийн шийдвэрээр хvлээн авдаг аж.

Тус сувилал анх 1967 онд гурван ихэр хvvхдийг сувилах зориулалттай байгуулагдсан, Одоо "Нялхсын клиник сувилал" хэмээн нэрээ єєрчилжээ. Нийт 90 хvvхэд хvлээн авах ортой аж. Єнєєгийн байдлаар 63 хvvхдийг 118 багш, ажилчин дєрвєн ээлжээр асран сувилж байна. Эднийх хvvхдvvдээ эмийн бус аргаар эмчлэхэд голлон анхаарч, хоол хvнсээр нь дамжуулан шаардлагатай амин дэмийг єгєх бодлого баримтладаг гэнэ.

Улсын хэмжээнд ганцхан гэгддэг клиник сувилал маань хvvхдийг 0-3 нас хvртэл нь єсгеед єєр аль нэг асрамжийн тєв рvv явуулдаг байна. Энд хєгжлийн бэрхшээлтэй хvvхдvvд байдаг. Зарим нэгийнх нь нас хэтэрсэн ч авах газар олдохгvй зовоодог гэнэ. Тухайлбал тархины хvнд євчтэй "Н" /7настай/ охиныг гэхэд л авах газар олдохгvйн маас аргагvйн эрхэнд клиникдээ байлгасаар байна. "Ийм бэрхшээлтэй хvvхдийн тоо єдрєєс єдєрт нэмэгдэж, нас хэтэрсэн гээд эднийг гаргаад хаялтай нь биш, байлгаад байх бvр ч хэцvv" гэж ахлах сувилагч Б.Оюунцэцэг ярьсан юм.

Тєрvvлсэн эцэг эх нь тєєрvvлээд хаячихсан эдгээр хvvхдvvдийг эх орон нь авахгvй бол єєр хэн авах билээ. Эндхийн хvvхдvvд хэн нэгнийг хvлээсэн байдалтай. Хvvхэд асран хvмvvжvvлэх тєвийнхєн тэднийг эцэг эхээс нь дутуугvй хайрладаг ч єнчин хvvхэд цаанаа л хэн нэгнийг харуулдаастай.



Monday, June 2, 2008

Tuesday, March 11, 2008

Monday, December 10, 2007

Өвөөгөөсөө хойш яана даа, тэр хоёр


“Өглөөний наранд бус өөдсийн чинээ үрсдээ сэтгэл хорогдоод байна. Амьдрал хатуудаа хүрвэл дэндүү хатуу юм байна. Аргаа барахдаа олон жилийн өмнө бурхан болсон ханьдаа гомдож хэвтэхэв. Тэр азтай учраас л амьдралын эргүүлэгт нухлагдалгүйгээр эрт яваад өгч. Гэтэл би гэж азгүй толгой хоёрын хоёр сайхан үрийнхээ сүүлд орчихоод байж байгаа минь энэ. Үхэсний араас үхэж болдоггүй болохоор яая гэхэв. Үхсэнээс үлдсэн хоёр ачтайгаа хорвоогийн тоосонд бэдэрч явлаа. Амссан зовлон бас багадав бололтой. Элэгний хорь хавдар хэмээх өвчинд дарлуулж, хоногоо хүлээн тарчилж байна. Царигтай явахад нэг л мэдэхэд үдэш болсон байдагсан. Өвчинд шаналахын цагт ганц шөнө ч түмэн жил шиг урт санагдах юм гээч. Өөрийгөө бодвол яг одоо ч үхэхэд бэлэн. Надаас хойш энэ муу хоёр минь яана даа гэхлээр үхэх эрх алга. Гэвч буурай нь гурван хоног ч эдэндээ хань болохоосоо өнгөрч байх шиг байна” хэмээн зүрх шимшрэм эл үгийг Мөнхөө өвөө эцсийн хүчээ шавхан байж хэллээ. Үүнээс цааш олон зүйлийг яримаар, хэлмээр байгааг нь харцнаас нь уншлаа. Үхэл амьдралын зааг тэрсэлсэн энэ л амьдрал дунд тарчилж, хэлэх ч үг олдохгүй мунгинаж зогстол хажуу бөөрнөөс нэг юм нудараад авлаа.

Өвөөгийнхөө тэнтийтэл хавагнасан хөлийг байдгаараа илж зогсох хүү өвөөгөө амаа ангайн чимээгүй болоход нь үхсэн юм биш байгаа гэж бодсондоо намайг тийн нударсан юмсанж. Хүний хорвоод мэндлээд л эхээсээ өнчирч хоцорсон Энхбаяр хүүд өвөөгөөс нь өөр түүнийг гэх хүн үгүй. Хорвоо түүнд эхнээсээ л хатуу хандсан гэлтэй. Эхийг нь булаан одохын хамт түүнийг хэлгүй болгоодохож. Муу өвөө нь зээ хүүгээ хэлд оруулах гэж тэтвэрийнхээ хэдийг барагдтал эмнэлгээс эмнэлэг дамжсан авч “төрөлхийн “ гэсэн онош сончээ. Юм л хэл чадахгүй болохоос биш түүнд ойлгохгүйн зовлон түүнд үгүй юм билээ. Мөнхөө өвөөг алгуурхан нүдээ нээхэд баярласан хүү “ хи, хи” хэмээн инээнгүүтээ ширээн доороос гялгар ууттай зүйл татаж ирээд надад өгөв. Өөрийнх нь мэдлийн өмч аж. Дөрвөлжин дэвтрийн хуудаснаа элдвийн зүйлийг зурсан харагдана. Том жижиг машин, сарвайж сэрвийсэн элдэв дүрс гээд л. Тэгсэнээ цэвэрхэн цаас авчираад намайг зур хэмээн дохилоо. Ийн бид хэдийг мунгинаж байтал гаднаас нэг хөөрхөн охин ороод ирлээ. Хүүгийн ганц эгч М.Бүрэнтогтох аж.

Дүүгээ өөрөөсөө холдуулахгүй

Амьдралын наана цааныг гадарлахтай болсон Бүрэнтогтох охины бодол энэ. Тэрбээр хэзээ мөдгүй хаалга тогшин буй үхлийг гадарлаж байгаа нь илт. Өөрийг нь хичээлдээ явчихсан эзгүй үеэр өвөө нь бурхан болчихсон байх вий гэхээс олигтой ч хичээл дээрээ сууж чаддаггүй гэнэ. Өглөө түүнийг хичээлдээ явахад өвөө нь бөөлжөөд хоцорсон тул багшаасаа сүүлийн хоёр цагийн чөлөө авчээ. Охины гэр зуурын ажилд туслангаа түүнтэй ярилцлаа.

Өвөөгийн чинь бие тааруухан байна шүү. Дуудах ах дүү төрөл садан бий юу?
Өвөө арваад хоногийн өмнө эмнэлэгт хэвтээд гарсан. Эмчилгээгүй гэсэн ш дээ. Өчигдөр орой бие нь муудаад түргэн дуудсан. Түргэний эмч өвчтөний түүхийг нь уншиж үзчихээд тайвшуулах тариа хийчихээд явсан. Тэр эмч найдваргүй болжээ, охин минь гэж хэлсэн. Би ч гэсэн өвөөгийн биеийн байдлыг мэдэж л байгаа. Эзгүй хойгуур үхчих вий гэж л айдаг. Тэгвэл дүү маань айж сүйд болох байх.

Миний дүү улсаас тэжээгчээ алдсаны тэтгэмж авна биз. Та гурав өвөөгийнхөө тэтгэвэрээр л амьдардаг уу?
Өвөө намайг өөрөөрөө овоглосон учраас хүүхдийн гурван мянга, улиралд 25 мянган төгрөгний тэтгэмж авдаг. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг дүүд олгосон. Харин бид гурвыг манай хорооны ах эгч нар их харж үздэг. Өчигдөр гэхэд л манай хорооны хэсгийн дарга эгч үнэгүй нүүрс олгох болсон гэж байсан. Өвөө миний хичээлийн хэрэгслийг бэлдэх гээд дөрвөн сарынхаа тэтгэврийг урьдчилаад авчихсан. Тиймээс бид гурав жаахан тиймхэн л амьдарч байгаа. Гэхдээ гайгүй ээ.

Танай ангийнхан чамд туслана биз?
Энэ жил шинэ ангид орсон учраас ихэнх нь бид гурвын амьдралыг мэдэхгүй. Надтай хамт ес төгссөн хуучин ангийн хүүхдүүд гадарладаг л байх. Би тэдэнд өөрийнхөө тухай ярих дургүй.

Миний дүү ирэх жил дунд сургуулиа төгсөх юм байна. Мэргэжлээ сонгож амжсан уу?
Би орчуулагч болохоор шийдсэн. Тэгээд жуулчны баазад ажиллана гэж мөрөөддөг.

Өвөөгийн чинь хэлснээр өвөөгөөс чинь хойш их зүйл өөрчлөгдөх байх даа. Уучлаарай. Чи дүүтэйгээ хэсэг хугацаанд асрамжийн газар амьдарвал яасан юм бэ. Тэр нь дээр байх гэж би бодож байна. Ядахдаа хоол ундтай, дулаахан газар шүү дээ?
Өвөө ямар ч байсан хашаа байшингаасаа салж болохгүй гэж захисан. Тиймээс би хаашаа ч явахгүй. Бас дүүгээ дэргэдээсээ холдуулахгүй. Миний дүү надгүйгээр байж чаддгүй юм. Би ч бас адил. Дүүгээ сайн хүн болгоно. Жаахан том болохоор нь хоол хийж сургана. Хэлгүй ч гэсэн сайн хоол хийгээд сурчихвал өөрт нь хэрэгтэй. Уул нь тийм хүүхдүүдэд зориулсан сургууль байдаг гэсэн. Өвөөгийн бие муу тул дүүг сургууль руу зөөх хүн байхгүй тул сургуульд оруулаагүй. Түүнээс биш миний дүү ном сурах байх.

Ахархан биедээ даамгүй ачаа үүрэн амьдрал хэмээх туулж үл барах далайд гарах гэж буй М.Бүрэнтогтох охин бид хоёр ийн хөөрөлдлөө. Охиноос өшөө ихийг асууж ярилцмаар байсан ч зүрх минь хүрсэнгүй. Хаалганы цаана амьдрал горилон хэвтэх 73-тай буурайн туйлдаж ядарсан нүд, хэзээ мөдгүй болсон өвөөгийнхөө хавантай гүзээнд толгойгоо наан эрхлэх Энхбаяр хүү нүдэнд харагдаад ..,

Өвөө минь хоёр үрдээ гуравхан хоног ч болов харагдаасай. Таны хэлсэнчилэн таниас хойш тэр хоёр яана даа. Гэхдээ л амьд хүн аргатай гэдэгсэн дээ. Төр, түмэн байгаа цагт алзахгүй биз. Хувь тавилан нь тэднийг түших болтугай.

Ч. Туул.

Saturday, November 17, 2007

Амгаад баярлалаа

Манай мэйлийн хаягаар сайхан сэтгэлээр нэгдэх хүсэлтэй олон залуус ханддаг юм. Хандсан захиа бүрээс хүний сайхан сэтгэл ханхалдаг юм. Бид нэгдэн ядарсан нэгэндээ сэтгэлийн дэм өгч байвал бидний сэтгэл дүүрэх болно. Бид сэтгэл хангалуун сайн сайхан аж төрөх болно. Манай сайтанд зориулж Амгаа дараах шүлэг зохиосныг нийтэлье.

Хүний сайхан сэтгэл

Ус асгарсан ч унтраагүй
Тус хүргэсэн ч дундраагүй
Илүү дутууг хараагүй
Хүний сайхан сэтгэл

Хүний сайхан сэтгэл
Үерийн Болд өвгөн
Үрлээг гэсэн Дэлгэр
Өрөөлийн зовлонг өөрийн болгосон
Хүний сайхан сэтгэл

Хүний сайхан сэтгэлд алтан хөшөө босгох юмсан...