Sunday, May 29, 2011

10-хан настай Б.Энх-Орчлон охинд тусалцгаая!


Миний охин Б.Энх-Орчлон маш ховор тохиолддог "Цусны хорт дутмагшил" буюу "Апластическая анемия" хэмээх аймшигт өвчнөөр өвчилж, ЭНЭШТ-ийн "Цусны эмгэг судлалын тасаг"-т хэвтэж байна. Энэ өвчин Монголд ердөө 2 дахь удаагаа бүртгэгдэж байгаа нь энэ. Охины минь биеийн байдал маш хүнд, өдрөөс өдөрт улам муудаж, өвдөж, тарчилж байгааг нь харахад элэг минь эмтэрч, зүрх минь зүсэгдэх юм. Миний охин одоо 10-хан настай.
Эрүүл саруул, сэргэлэн цовоо өсч торниж байсан цэцэг цэврүү шиг охин үр минь одоо босох ч тэнхэлгүй, өвчиндөө шаналж, арай ядан өдөр хоногийг өнгөрүүлж байгаа ч "Би удахгүй эдгэрч, эмнэлгээс гараад хичээлдээ явж, найзуудтайгаа тоглоно. Тэнгист гоё кино үзнэ. Зөндөө их шинэ хувцасны загварууд зурна" гэж үргэлж ярих юм.
Амь насанд нь аюул ойрхон байгааг бяцхан үр минь даанч мэдэхгүй.
Миний охины хамраас цус гарахад хагас метр шахуу бинт хамар руу нь чихэж, нарийн шинжилгээ авахын тулд сүүжний яс руу нь хатгаж чөмөгнөөс нь дээж авах үед тэсэхийн аргагүй өвдсөндөө "Ээжээ! Намайг авраач ээ!" гэж хамаг чадлаараа хашгирахыг нь хаалганы цаанаас сонсоод "Тэсээрэй, миний охин. Ээж нь охинтойгоо хамт байгаа. Охиныхоо өмнөөс өвдөхсөн" гэж уйлж суухаас өөр зүйл хийж чаддаггүй...
Энэ аймшигт өвчин шаналал бусдад хэзээ ч бүү тохиолдоосой.
Охины минь өвчин Монголд эмчлэгдэх боломжгүй, гадаадад яаралтай явж "ясны чөмөг шилжүүлэн суулгах" шаардлагатай гэсэн эмнэлэгийн дүгнэлт гарсан.
Бид БНХАУ-н Бээжин хотын цэргийн эмнэлэгтэй холбоо тогтоож, охиныхоо шинжилгээний хариуг явуулахад, уг эмнэлгээс ясны чөмөг шилжүүлэн суулгах боломжтой, эдгэрэх магадлал 96 хувь байна гэсэн хариу ирсэн.
Охины минь эмчилгээнд ойролцоогоор 100 сая орчим төгрөг шаардлагатай байгаа бөгөөд бид бие даан энэ зардлыг бүрдүүлэхэд маш хүнд байна.
Элэг нэгт Монголчууд минь халуун сэтгэлийн харамгүй тусаа үзүүлж, бяцхан охинд минь амьдрал хайрлаач!
Ээж: З. Алтанцэцэг
Холбоо барих утас: 8815-4145, 9908-6624
Хандивын данс: Хаан банк, Б. Энх - Орчлон 5022696266

Та 155-154 дугаарт А үсгийг мессежээр илгээж хандив өргөнө үү. (Мобиком, Юнител, Скайтел, Жи Мобайлын сүлжээнүүдээс)


1 comment:

Unknown said...

Сайн байна уу? Энэ охины ээж байна. Энэхүү постыг устгаж өгнө үү. Танд маш их баярлалаа.