Thursday, February 25, 2010

Авъяаслаг андад минь амьдрал хайрлаач.


Бид бүгдийн сайн анд нөхөр Болдбаатарын Эрдэнэбат нь 1984 оны 7 сарын 6-нд төрсөн бөгөөд 2002 онд нийслэлийн 10 жилийн 23-р сургуулийг төгссөн билээ. Даруу төлөв зантай, сонирхсон зүйлдээ өөрийн хүч хөдөлмөрийг чин сэтгэлээсээ зориулдаг тэрбээр хар багаасаа төрөл бүрийн спортыг шимтэн сонирхож, гялалзсан амжилтыг гаргаж байлаа. Тэрбээр тухайн үед Монголд дөнгөж хөгжиж эхэлж байсан Дартсын спортыг өөрийн гэр бүл найз нөхдийн хамтаар сонирхон хичээллэж, хот улсын чанартай олон арван тэмцээнд алт, мөнгөн медаль хүртэж, дартсын “Өсвөр Мэргэн” цол хүртэж байлаа.

Гэвч 1998 онд түүний аав болох монголд дартсын спортыг анх оруулан ирж, “Монголын Дартсын Холбоо”-г байгуулсан Болдбаатар гуай бурхан болсноор монголд дартсын спортын хөгжил зогсонги байдалд орсон билээ. Энэ л үеэс эцгийнхээ эхлүүлсэн бүхнийг үргэлжлүүлэхээр хатуу шийдсэн Эрдэнэбат даруйхан эрийн цээнд хүрч, дартсын холбооны үйл ажиллагааг дахин эхлүүлэх мөрөөдөлд хөтлөгдсөн юм. Гэвч 2008 онд түүний гаранд бага зэргийн зүсэлт хийх үедээ эмч нар цусанд нь бохир оруулснаар түүний бие гэнэт муудаж эхэлсэн юм. Монголын бүхий л эмнэлгээр явж, нарийн шинжилгээнүүдийг хийлгэсэн боловч зөв онош нь тодрохгүй байсаар бие нь улам муудаж, улмаар цусаар дамжин нуруу, нугасанд нь нөлөөлж, хэвтрийн байдалд орсон билээ. Нөхцөл байдал ийнхүү муудаж, Монголд эмчлэх аргагүй болсон тул оношийг нь зөв гаргахын тулд Бээжин болон Сөүлийн бүхий л томоохон эмнэлгүүдээр хэдэн сарын турш явж, олон арван сая төгрөгийн зардал гаргасан ч мөн л оношийг нь гаргаж чадалгүй байсаар 2010 онтой золгосон билээ.

2010 оны 1 сарын сүүлээр түүний бие илт муудаж, эмч нар энэ хүн 7 хоногийн настай гэж хэлж байлаа. Энэ үед түүний гэр бүл болон найз нөхөд хамтын шийдэлд хүрснээр Азидаа эрүүл мэндийн салбараар тэргүүлэгч Тайланд руу нэн даруй явуулахаар шийдэж, тухайн өдөртөө Бангкок руу ниссэн билээ. Хэвтрийн байдалтай түүнийг онгоцны авиа компаниуд зөөхөөс татгалзаж, мөн дээрээс нь түүн шиг бие муутай хүн онгоцон дахь даралтыг даахгүй 10 минут болоод л нас барна гэх мэтээр олон саад бэрхшээл тохиолдож байсан ч түүний амьдрах хүсэл тэмүүлэл энэ бүхнийг даван гарч Тайландын нийслэл Бангкокт газардсан билээ. Гэвч газардсан тэр мөчид түүний зүрх бараг зогсож, Bumrungrad International эмнэлгийн яаралтай түргэн тусламж авч явсан бөгөөд анхан шатны оношлогоогоор түүний амьд үлдэх магадлалыг 3%-тай гэж байлаа. Эмч нар ч түүний оношийг бүрэн гаргасан бөгөөд ясны сүрьеэ, бөөрний дутагдал болон цусны хордлого гэсэн үндсэн оноштой байлаа. Мөн түүнээс гадна шоконд орж, уушгины цусны даралт ихэссэнээр зүрхний үйл ажиллагаа хүчтэй доголдсон гэсэн байна.

Сэхээн амьдруулах тасаг нь өдрийн 5000$-ын эмчилгээний зардалтай тул өдрийн 500$-ын эмчилгээний зардалтайгаар 3 сар орчим эмчлүүлэх шаардлагатай гэж тооцоолон байр машинаа зарж, 50.000$-тойгоор очсон гэрийнхийх нь мөнгө очоод 10 хоноход л дууссан байна. Гэвч 10 хоносны дараа түүний бие илт сэргэж, зүрхний үйл ажиллагаа хэвийн байдалд орж, 2 бөөр нь ажиллагаанд орсон бөгөөд уушги нь ердийн хүнийх шиг амьсгалж эхэлсэн байна. Түүний цаашид амьд үлдэх магадлал нь ч 3% байснаа 30% болж, 10 дахин өссөн нь түүний амьдрахын төлөө хэрхэн тэмцэж байгааг харуулахаас гадна эмч нарыг ч гайхашруулж, бид бүгдэд ч итгэл найдварыг хүчтэй төрүүлсээр байна.

Одоо түүний хувьд онош нь бүрэн гарсан бөгөөд дахин 2 долоо хоног сэхээнд хэвтэх(өдрийн 5000$), дараа нь 9 сар орчим эрчимт эмчилгээ хийлгэх(өдрийн 500$) шаардлагатай байгаа бөгөөд үүнд нийтдээ 160.000 орчим $ шаардлагатай байгаа юм. Иймээс элгэн садан монголчууд та бүхнийг авъяаслаг анд найзын маань амийг аврахад өөрийн боломжийн хирээр туслан дэмжиж, мөн энэхүү мэдээллийг цааш дамжуулан түгээж, илүү олон хүнд хүргэхийг чин сэтгэлээс хүсч байна.

http://savebat.blogspot.com/


No comments: