Сайны хажууд саар зүйл дагаж оршдог нь энэ ертөнцийн жам юм даа. Хэдхэн хоногийн өмнө Монголын хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүдтэй уулзаж ярилцахад надад тэдний амьдрал баяр баяслаар дүүрэн байгаа нь мэдрэгдэж байв. Харин гудамжаар хэрэн тэнэх халтар жаалуудыг ямар ирээдүй хүлээж байгаа бол гэсэн бодол дараа нь төрж байлаа. Адилхан л хүүхдүүд.., гэхдээ адил бус орчинд амьдарч байгаа нэгэн хүүтэй уулзлаа.
-Сайн байна уу. Чамайг хэн гэдэг вэ?
-Намайг Шатар гэдэг . 11 настай.
-Чи хаана амьдардаг вэ?
-Хүнсний IV дэлгүүрийн ойролцоох траншейнд амьдраад гурван жил болж байна. Манай гэр Баянхошуунд байдаг.
-Тэгээд чи яагаад гэртээ амьдардаггүй юм бэ?
-Би ааваасаа их айдаг. Тэр миний төрсөн аав биш л дээ. Өөрийнхөө хүүхдүүдийг зоддоггүй байж үргэлж намайг зоддог. Тэрний хувьд би ч хэн ч биш. Тэгээд өдөр бүр л согтуу ирдэг юм. Уусан архиныхаа омгийг надаар тайлдаг. Тийм болохоор надад гэртээ очих хүсэл төрдөггүй. Хааяа цагдаагийн хэлтсийн хаяг тогтоох газар очиж, гэр рүүгээ хүргэгддэг. Надад гэртээ байна гэдэг там юм шиг санагддаг.
-Траншейнд хэдүүлээ амьдарч байна?
-20-иод хүүхэд байгаа байх. Өдөртөө хэдэн тийшээ гарч хоолны мөнгөө олж ирээд оройдоо л тэнд цугладаг.
-Яаж мөнгө олдог гэж?
-Хүмүүсээс гуйлга гуйна. Хааяа зах гарч, хүний ачаа зөөж өгдөг. Олуулаа болохоор олж ирсэн мөнгөө нийлүүлж байгаад хямдхан боорцог, бэлэн гоймонгоор голдуу хооллодог. Гараад явахад яаж ийгээд болоод л байдаг юм.
-Миний дүү бичиг үсэг мэдэх үү?
-Мэдэхгүй.
-Сургуульд суръя гэж боддог уу?
-Сургуульд сурахыг хүссэн ч гэсэн бүтэхгүй юм чинь. Манай урд хашааны Баяраа гээд надтай багадаа тоглож өссөн найз маань байдаг юм. Тэдний аав, ээж хоёр нь юугаар ч дутаагаагүй. Баярааг харахаар би атаархдаг. Тийм сайхан аав, ээжтэй болж төрсөн бол ингэж тэнэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Надтай хамт амьдарч байгаа хүүхдүүд бүгд гэртээ харихыг хүсдэггүй. Ингэж тэнэх нь тэдэнд сайхан байдаг гэсэн. Надад бол тийм биш ээ.
-Ээж чинь юу хийдэг вэ?
-Нэг цайны газар ажилладаг. Би ээжийгээ зовоохыг хүсдэггүй.
-Чи их нимгэн хувцастай явж байна. Гадаа улам л хүйтэрч байна шүү дээ. Дулаан хувцас байгаа юу?
-Орон сууцанд амьдардаг айлын хог ухаад гайгүй хувцас байвал аваад өмсчихдөг юм. Болох байлгүй дээ.
-Чи хэдий болтол энэ траншейнд амьдрах вэ?
-Одоохондоо ингэсгээд амьдарч л байна. Ядаж 18 нас хүрчихвэл ажил хийнэ гэж бодож байгаа.
-Траншейнд амьдрах осолтой шүү дээ. Халуун ус алдаад түлэгдвэл яана?
-Гайгүй байх аа. Энэ талаар бодож байгаагүй юм байна. Гэхдээ би үхлээс айдаггүй.
Б.Ганаа
No comments:
Post a Comment