Monday, January 11, 2010

Найман сартай хүүд тусалж эхэллээ

“Эх орон” телевизээр өнгөрсөн пүрэв гаригт Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд эмчлүүлж буй найман сартай М.Мөнхнасан хүүд тусламж хэрэгтэй байгаа талаар мэдээлэл цацагдсан юм. Мэдээллийн дагуу сайхан сэтгэлт хүмүүс бяцхан хүүд дархлаа суулгах тарианых нь мөнгийг өгсний зэрэгцээ эцэг, эхэд нь ч сэтгэлийн дэм хайрлаж эхэлжээ. Өчигдөр нэгэн бизнесмэн хүүгийн биед дархлаа суулгахад шаардагдах тарианых нь 250 мянган төгрөг өгсөн бол Авлигатай тэмцэх газрын хэсэг ажилтнууд мөн туслалцаа үзүүлсэн байна. Мөн Есүсийн сүмийнхэн эргэж очсоны зэрэгцээ хувь хүмүүс ч туслалцаа үзүүлсэн байна. Хүү Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд хэвтээд нэг сар гаруй болж буй. Төрснөөсөө хойш бараг эмнэлгээс салаагүй гэж хэлж болох гэнэ. Учир нь М.Мөнхнасан хүү эхээс мэндлэхдээ зүрхний гажигтай төрж, эцэг, эх нь буяны байгууллагад хандсанаар өнгөрсөн оны наймдугаар сард БНСУ-д очиж, хүүг хагалгаанд оруулжээ. Гэвч биеийнх нь дархлаа байхгүй болсноос чөмөг суулгуулах хагалгаанд орох шаардлагатай болсон. Монгол Улсад энэхүү мэс заслыг хийдэггүй тул мөн л гадаад оронд очиж, хагалгаанд оруулахаас аргагүй. Дээрх мэс заслыг хийлгүүлэхэд их хэмжээний мөнгө хэрэгтэй. Мөн аль улсад очиж, хагалгаанд оруулах вэ гэдгийг ч судлах шаардлагатай. Харин хүүг дахин хагалгаанд орох хүртэлх хугацаанд биеийнх нь дархлааг сэргээх 250 мянган төгрөгийн үнэтэй тариа хийлгэх хэрэгтэй болж байгаа юм. Уншигч та бяцхан хүүд туслахыг хүсвэл 95647717 дугаарын утсаар холбогдож, холбоо барихыг боломжтой болохыг сануулъя.

Г.Дарь