Хавдар судлалын үндэсний төвд тав дахь сардаа эмчлүүлж буй Ишгэн хүүгийн дээд, доод эрүүний хэсэгт ясны хорт хавдар үүсчээ. Нүүрнийх нь баруун хацар тэр чигээрээ хавдаж, доод эрүү хэсэг рүү нь томоо гэгчийн цулцан “ургачихаж”. “Ямар их өвчтэй байгаа бол оо” гэж бодохоос эхлээд би хүүг үнсэж ч үл зүрхэлсэн юм. Амны хөндий нь тэр чигээрээ хавдсан тул идэж, уухдаа тааруу болж. Турж, эцэхээс нь сэргийлж, судсаар амин дэм хийж байгаагийн хүчинд өдий зэрэгтэй харагдаж байна даа гэж ээж нь учирласан. Эмнэлэгт хэвтсэнээсээ хойш дөрвөн курс химийн эмчилгээ хийлгэжээ. Туяагаар хорт хавдрыг нь шаруулж буй бөгөөд өчигдрийн байдлаар 24 дэх удаагаа шарлага хийлгэжээ. Тавхан настай юм шүү дээ. Туяа шарлагын дээд хэмжээ 30 удаа. Хүүд одоо зургаан удаа хорт хавдраа шаруулах л үлдэж… Дараа нь яах вэ, ямар эмчилгээ хийлгэх вэ гэдэг тааварлашгүй. Учир нь дээрх өвчин Монголд анх удаа оношлогдсон нь энэ бөгөөд урьд өмнө энэ төрлийн өвчнийг эмчилж байсан удаагүй тул эхний ээлжинд эмч нар химийн эмчилгээ хийж, торгоож буй аж. Хүүг гардан эмчилж байгаа Хавдар судлалын үндэсний төвийн Толгой, хүзүүний тасгийн их эмч Ц.Одонтунгалагийн эцэг, эхэд нь тайлбарласнаар Сингапурт очиж эмчлүүлэх боломжтой тухай дуулгасан нь сэтгэлийн мухарт гэрэл тусгажээ. Хүүгийн ээж, О.Даариймаагаас бид энэ талаар сонирхсон юм. Эмчлэгч эмчтэй нь уулзах төлөвлөгөөтэй байсан ч амралтаа авсан тул мухардсан болохыг энэ дашрамд тэмдэглье.
-Анх хүүхэд нь хэдийнээс эхэлж өвдөж эхэлсэн юм бэ. Эмнэлэгт хэвтээд багагүй хугацааг үдчихэж, өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж, хэвтсэн гэхээр?
-2007 оны арванхоёрдугаар сард “Хүү маань шүд өвдөөд байна” гэж хэлсэн юм. Улмаар нэг сарын дундуур зүүн буйл нь хавдсан. Бид тухайн үед аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт үзүүлж, нэлээд явсаар гуравдугаар сард хотод ирсэн л дээ. Хавдар судлалын үндэсний төвд гуравдугаар сарын 15-нд эд, эсийн гэсэн хоёр шинжилгээ хийлгүүлсэн. Шинжилгээний хариу нь “Дээд, доод эрүүний ясны хорт хавдартай гэж гарсан. Тэгээд л энд хэвтүүлсэн дээ. Одоо 24 дэх удаагаа туяа эмчилгээнд ороод байгаа. 30-аас илүү туяа эмчилгээнд орох ёсгүй юм билээ. Дахин туяа эмчилгээ хийлгэх тохиолдолд 3-5 жил өнжих ёстой. Гэвч хүүгийн маань өвчин тэр хугацааг хүлээж чадахгүй.
-Шүд өвдсөн гэхээр сүүн шүдэнд нь ямар нэг гэмтэл үүсч, түүнээс улбаалж, хүндэрсэн юм болов уу?
-Уг нь сүүн шүд нь ч унаагүй юм шүү дээ. Шүдний хувьд ямар ч өвчин, үрэвсэл байгаагүй. Гэвч ийм аюултай өвчин хүүг маань ороочихдог юм байна.
-Химийн эмчилгээ хийлгэснээр хүүгийнх нь өвчин намдсан уу, одоо ямар байна вэ?
-Эхний үед химийн эмчилгээ хийхэд хүүхдийн маань бие эрс дээрдсэн. Сүүлдээ дасал болж, тариа нь үйлчлэхгүй болсон. Тиймээс химийнх нь тариаг сольсон. Манай улсад анх удаа бүртгэгдсэн нь энэ юм билээ. Анх удаа бүртгэгдсэн болохоор яг тийм эмчилгээ хийх ёстой гэсэн тодорхой зүйл байхгүй. Тэгсэн ч Хавдар судлалын эмч нар чадлаараа л хүүгийн маань өвчинтэй тэмцэж байна даа. Эмчлэгч эмч Ц.Одонтунгалаг амралтаа дуусгаад орж ирүүтээ Сингапурын эмч нартай ярилцаж, хүүгийн маань өвчний оношийг орчуулж, тус улс руу явуулна. Интернэтээс энэ талын өвчнийг их судалж, холбогдох шугамуудаараа мэдээлэл авч байгаа. Дэлхийд энэ төрлийн өвчин 200 бүртгэгдсэн. Гэхдээ хорт хавдаргүй нь олонхи гэж эмч хэлсэн. Сүүлийн өдрүүдэд хүүгийн маань бие сайнгүй байгаа. Хавдарт нь өвчин нэмэгдээд хоол, унд олигтой иддэггүй. Байсхийгээд туяагаар шарахаар сүүлдээ хордлого өгдөг юм шиг байна. Бөөлжөөд байх болсон. Өнөөдрөөс дахиад л нэмэлт тарианд орж байгаа.
-Сингапурт очиж эмчлүүлэхэд хорт хавдрыг нь авна гэсэн үг үү. Эмч нь чухам юу гэж тайлбарлах юм?
-Сингапурт энэ өвчний өвдөлтийг намдаадаг манайд хэрэглэж байгаагаас илүүтэй хүчтэй үйлчлэлтэй химийн тариа байдаг гэсэн. Нэг ширхэг нь 3000-4000 ам. долларын үнэтэй. Хүүгийн маань өвчин одоо Монголд хэрэглэж байгаа эм, тарианд намдахааргүй болчихоод байгаа юм л даа.
Бас тус улсад хагалгаа хийж, хорт хавдрыг нь авдаг. Нүднээс доорх бүх эрхтнийг нь авдаг. Дараа нь химийн хүчтэй тариагаар нөхөн төлжүүлж ургуулдаг. Энэ хагалгааг хийлгэчихвэл хүүгийн маань нас уртасна. Шинжлэх ухаан хөгжиж байгаа болохоор дараа нь хийх эмчилгээ ч бас гарч ирэх талтай гэж эмч маань хэлсэн. Одоо бидэнд Сингапурт явж эмчлүүлэхэд шаардлагатай мөнгө хэрэгтэй.
-Хэдий хэмжээний мөнгө шаардах юм бол?
-Нэг хүний хэлэхээр 40-50 сая төгрөг шаардлагатай гэсэн. Гэвч тус улсад эмчлүүлж, хагалгаа хийлгэсэн хүний яриагаар дээрх сая төгрөг яах ч үгүй юм болов уу гэж бодогдсон. Хүүхдээ авч очуутаа эмнэлэгт хэвтчихгүй. Хаана байрлаж, хагалгаанд хэдий хугацаагаар бэлтгэж, орох вэ гэдгээс эхлээд цаг ихээр шаардах талтай. Эмч маань биднийг эхний ээлжинд мөнгөө цуглуулчихвал хүүхдээ эмчлүүлэх боломжтой гэж хэлсэн болохоор хандив цуглуулах ямар бололцоо байна түүнийг хайя гэж шийдсэн. Хүүгээ эмчлүүлээд авбал болно оо. Хүмүүс их зөвлөгөө өгөх юм. Нэг хэсэг нь банкныханд хандаж, хамгийн бага хүүтэй зээл хөөцөлдвөл яадаг бол. Дараа нь төлчихгүй юу гэх. Нутгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаад үз гэж байна. Манай нөхөр Өвөрхангай аймгийнх л даа. Уг нь би УИХ-ын гишүүн Г.Батхүү рүү наадмын үеэр гар утас руу нь залгаж, учир байдлаа хэлсэн юм. Наадмын дараа яриарай гэсэн. Ажил ихтэй байгаа болов уу гэж санаад утасдаж чаддаггүй. Амьдрал гэдэг чанга юм даа. Нөхөр маань хоёр настай хүүхэдтэйгээ Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж байгаа. Хүүхдийн маань хөл гэмтээд эмчлүүлж байгаа юм. Манайх гэдэг айл хоёр, хоёроороо л эмнэлэгт энэ зуныг үдлээ. Гэхдээ шантрахгүй ээ, миний хүүд олон хүн тусалж, сэтгэлийн дэм хайрлана гэдэгт итгэж байна.
Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Хас банкны хамт олон хандивын данс нээж өгсөн. Т.Сайнжаргал Хас банк 20001554 тоот данс. Манай нутгаас ч хүмүүс бас эргэж тойрч байгаа.
Хүүгээ эдгээчихвэл… Энэ үгийг Даариймаа ээж олонтаа хэлсэн. Үхтэл үр харам гэх үгийн утга учир дээрх үгэнд нэвт шингэсэн шиг санагдсан. Өнөөдөр хүү өвчиндөө шаналж байгаа ч монголчууд та бидний их өглөгөөр ирээдүй рүү тэмүүлэх нь лавтай.
Уншигч та Ишгэн хүүд тусалж сэтгэлийн дэм хайрлахыг хүсвэл 99932378, 99866717, 70116766 дугаарын утсаар холбоо бариарай.
Нас хайрлая хүмүүс ээ.