Monday, December 10, 2007

Өвөөгөөсөө хойш яана даа, тэр хоёр


“Өглөөний наранд бус өөдсийн чинээ үрсдээ сэтгэл хорогдоод байна. Амьдрал хатуудаа хүрвэл дэндүү хатуу юм байна. Аргаа барахдаа олон жилийн өмнө бурхан болсон ханьдаа гомдож хэвтэхэв. Тэр азтай учраас л амьдралын эргүүлэгт нухлагдалгүйгээр эрт яваад өгч. Гэтэл би гэж азгүй толгой хоёрын хоёр сайхан үрийнхээ сүүлд орчихоод байж байгаа минь энэ. Үхэсний араас үхэж болдоггүй болохоор яая гэхэв. Үхсэнээс үлдсэн хоёр ачтайгаа хорвоогийн тоосонд бэдэрч явлаа. Амссан зовлон бас багадав бололтой. Элэгний хорь хавдар хэмээх өвчинд дарлуулж, хоногоо хүлээн тарчилж байна. Царигтай явахад нэг л мэдэхэд үдэш болсон байдагсан. Өвчинд шаналахын цагт ганц шөнө ч түмэн жил шиг урт санагдах юм гээч. Өөрийгөө бодвол яг одоо ч үхэхэд бэлэн. Надаас хойш энэ муу хоёр минь яана даа гэхлээр үхэх эрх алга. Гэвч буурай нь гурван хоног ч эдэндээ хань болохоосоо өнгөрч байх шиг байна” хэмээн зүрх шимшрэм эл үгийг Мөнхөө өвөө эцсийн хүчээ шавхан байж хэллээ. Үүнээс цааш олон зүйлийг яримаар, хэлмээр байгааг нь харцнаас нь уншлаа. Үхэл амьдралын зааг тэрсэлсэн энэ л амьдрал дунд тарчилж, хэлэх ч үг олдохгүй мунгинаж зогстол хажуу бөөрнөөс нэг юм нудараад авлаа.

Өвөөгийнхөө тэнтийтэл хавагнасан хөлийг байдгаараа илж зогсох хүү өвөөгөө амаа ангайн чимээгүй болоход нь үхсэн юм биш байгаа гэж бодсондоо намайг тийн нударсан юмсанж. Хүний хорвоод мэндлээд л эхээсээ өнчирч хоцорсон Энхбаяр хүүд өвөөгөөс нь өөр түүнийг гэх хүн үгүй. Хорвоо түүнд эхнээсээ л хатуу хандсан гэлтэй. Эхийг нь булаан одохын хамт түүнийг хэлгүй болгоодохож. Муу өвөө нь зээ хүүгээ хэлд оруулах гэж тэтвэрийнхээ хэдийг барагдтал эмнэлгээс эмнэлэг дамжсан авч “төрөлхийн “ гэсэн онош сончээ. Юм л хэл чадахгүй болохоос биш түүнд ойлгохгүйн зовлон түүнд үгүй юм билээ. Мөнхөө өвөөг алгуурхан нүдээ нээхэд баярласан хүү “ хи, хи” хэмээн инээнгүүтээ ширээн доороос гялгар ууттай зүйл татаж ирээд надад өгөв. Өөрийнх нь мэдлийн өмч аж. Дөрвөлжин дэвтрийн хуудаснаа элдвийн зүйлийг зурсан харагдана. Том жижиг машин, сарвайж сэрвийсэн элдэв дүрс гээд л. Тэгсэнээ цэвэрхэн цаас авчираад намайг зур хэмээн дохилоо. Ийн бид хэдийг мунгинаж байтал гаднаас нэг хөөрхөн охин ороод ирлээ. Хүүгийн ганц эгч М.Бүрэнтогтох аж.

Дүүгээ өөрөөсөө холдуулахгүй

Амьдралын наана цааныг гадарлахтай болсон Бүрэнтогтох охины бодол энэ. Тэрбээр хэзээ мөдгүй хаалга тогшин буй үхлийг гадарлаж байгаа нь илт. Өөрийг нь хичээлдээ явчихсан эзгүй үеэр өвөө нь бурхан болчихсон байх вий гэхээс олигтой ч хичээл дээрээ сууж чаддаггүй гэнэ. Өглөө түүнийг хичээлдээ явахад өвөө нь бөөлжөөд хоцорсон тул багшаасаа сүүлийн хоёр цагийн чөлөө авчээ. Охины гэр зуурын ажилд туслангаа түүнтэй ярилцлаа.

Өвөөгийн чинь бие тааруухан байна шүү. Дуудах ах дүү төрөл садан бий юу?
Өвөө арваад хоногийн өмнө эмнэлэгт хэвтээд гарсан. Эмчилгээгүй гэсэн ш дээ. Өчигдөр орой бие нь муудаад түргэн дуудсан. Түргэний эмч өвчтөний түүхийг нь уншиж үзчихээд тайвшуулах тариа хийчихээд явсан. Тэр эмч найдваргүй болжээ, охин минь гэж хэлсэн. Би ч гэсэн өвөөгийн биеийн байдлыг мэдэж л байгаа. Эзгүй хойгуур үхчих вий гэж л айдаг. Тэгвэл дүү маань айж сүйд болох байх.

Миний дүү улсаас тэжээгчээ алдсаны тэтгэмж авна биз. Та гурав өвөөгийнхөө тэтгэвэрээр л амьдардаг уу?
Өвөө намайг өөрөөрөө овоглосон учраас хүүхдийн гурван мянга, улиралд 25 мянган төгрөгний тэтгэмж авдаг. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг дүүд олгосон. Харин бид гурвыг манай хорооны ах эгч нар их харж үздэг. Өчигдөр гэхэд л манай хорооны хэсгийн дарга эгч үнэгүй нүүрс олгох болсон гэж байсан. Өвөө миний хичээлийн хэрэгслийг бэлдэх гээд дөрвөн сарынхаа тэтгэврийг урьдчилаад авчихсан. Тиймээс бид гурав жаахан тиймхэн л амьдарч байгаа. Гэхдээ гайгүй ээ.

Танай ангийнхан чамд туслана биз?
Энэ жил шинэ ангид орсон учраас ихэнх нь бид гурвын амьдралыг мэдэхгүй. Надтай хамт ес төгссөн хуучин ангийн хүүхдүүд гадарладаг л байх. Би тэдэнд өөрийнхөө тухай ярих дургүй.

Миний дүү ирэх жил дунд сургуулиа төгсөх юм байна. Мэргэжлээ сонгож амжсан уу?
Би орчуулагч болохоор шийдсэн. Тэгээд жуулчны баазад ажиллана гэж мөрөөддөг.

Өвөөгийн чинь хэлснээр өвөөгөөс чинь хойш их зүйл өөрчлөгдөх байх даа. Уучлаарай. Чи дүүтэйгээ хэсэг хугацаанд асрамжийн газар амьдарвал яасан юм бэ. Тэр нь дээр байх гэж би бодож байна. Ядахдаа хоол ундтай, дулаахан газар шүү дээ?
Өвөө ямар ч байсан хашаа байшингаасаа салж болохгүй гэж захисан. Тиймээс би хаашаа ч явахгүй. Бас дүүгээ дэргэдээсээ холдуулахгүй. Миний дүү надгүйгээр байж чаддгүй юм. Би ч бас адил. Дүүгээ сайн хүн болгоно. Жаахан том болохоор нь хоол хийж сургана. Хэлгүй ч гэсэн сайн хоол хийгээд сурчихвал өөрт нь хэрэгтэй. Уул нь тийм хүүхдүүдэд зориулсан сургууль байдаг гэсэн. Өвөөгийн бие муу тул дүүг сургууль руу зөөх хүн байхгүй тул сургуульд оруулаагүй. Түүнээс биш миний дүү ном сурах байх.

Ахархан биедээ даамгүй ачаа үүрэн амьдрал хэмээх туулж үл барах далайд гарах гэж буй М.Бүрэнтогтох охин бид хоёр ийн хөөрөлдлөө. Охиноос өшөө ихийг асууж ярилцмаар байсан ч зүрх минь хүрсэнгүй. Хаалганы цаана амьдрал горилон хэвтэх 73-тай буурайн туйлдаж ядарсан нүд, хэзээ мөдгүй болсон өвөөгийнхөө хавантай гүзээнд толгойгоо наан эрхлэх Энхбаяр хүү нүдэнд харагдаад ..,

Өвөө минь хоёр үрдээ гуравхан хоног ч болов харагдаасай. Таны хэлсэнчилэн таниас хойш тэр хоёр яана даа. Гэхдээ л амьд хүн аргатай гэдэгсэн дээ. Төр, түмэн байгаа цагт алзахгүй биз. Хувь тавилан нь тэднийг түших болтугай.

Ч. Туул.