Thursday, June 18, 2009

Хүүд минь амьдрал хайрлаж, хүний дээд буянд сэтгэлээ өгөхийг хүсье

Энэ хорвоод хүн болж амьдрахын төлөө бяцхан биендээ баймгүй их өвчин, шаналалыг амсч, түүнтэйгээ тэмцэж яваа хүүд минь туслана уу хэмээн үрийн заяанд сүсэлдэг, элэг нэгт Монгол ахан дүүс та бүхэндээ хандаж байна. Бидний хүү Билгүүдэй 2006 оны дөрөвдүгээр сард төрж, аав ээжийнхээ нар болон мэндэлсэн юм. Харамсалтай нь, түүнийг минь дөнгөж нэг сар 23 хоногтой байх үед хэлж ирдэггүй аюулт өвчний сүүдэр дайрч, олон хүүхэд баяраа тэмдэглэж байсан зургадугаар сарын 1 –ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн 2-р эмнэлгээс тархиндаа хоёрын хоёр удаа цус харвасан тухай онош гарснаар бидний хувьд даван туулахад хүнд өдрүүд эхэлсэн юм.

Эх Нялхсын Сэхээн амьдруулах тасгийн алтан гартай эмч, сувилагч нарын хүчээр хүүд яаралтай эмчилгээ хийснээр Билгүүдэй маань одоо гурван нас, хоёр сар хүрээд байгаа боловч хэнээс ч дутахгүй цовоо сэргэлэн өсч торинож байгаа хүү маань 21 хоногт нэг удаа эмнэлэгт хэвтэн, 150 мл цус хийлгэх зэрэг байнгын бэрхшээлтэй тулгарсаар байдаг юм. Анх хүүгийн өвчний шинж тэмдэг илэрч эхлэх үед онош нь тодорхойгүй байсны зэрэгцээ зөвхөн цус хийлгэхээс өөр арга байгаагүй учир Билгүүдэйг долоон сартайд нь БНСУ-ын сайн гэсэн эмнэлгүүдэд үзүүлэхээр бид тус улсыг зорьсон юм. Бид өнгөрсөн хугацаанд хүүгийнхээ эмчилгээний зардлыг олох зорилгоор БНСУ-д ажиллаж, амьдарсан бөгөөд үүний хүчинд хүүгийнхээ өвчний оношийг тодорхойлуулж, хүний цус төлжүүлж байдаг чөмөгний ясан доторх эс гэмтэлтэй болсныг нь тогтоолголоо. Эмнэлгээс өгсөн дүгнэлтээр түүнийг тэрхүү чөмөгний эсийг сольсон үед эрүүл болно гэсэн бөгөөд энэ өвчнийг Aplastic anemia (Апластическая Анемия) ба “Цусны гүн багадалт ба нөхөн төлжүүлэх эдийн гэмтэл” хэмээн оношилсон юм.

Харамсалтай нь, хүүд таарах эсийг олох магадлал 40 хувьтай байдаг бөгөөд хүүгийн аав, ээж бид хоёрынх шинжилгээгээр хүүд маань таарахгүй болсон нь тогтоогдсон. Ингээд бид аргагүйн эрхэнд цус нэмүүлэхээс өөр эмчилгээгүй байгаа ч цус байнга хийлгэдэг болохоор хүүгийн биеийн эсэргүүцэл эрс суларч, хамрын ханиад хүрэхэд босч чадахгүйгээр халуурч, хоол идэж чадахаа больсон. Ингэж байнга цус хийлгэх нь хүний биед сөрөг нөлөөтэй бөгөөд энгийн хүн нэг удаа 150 мл цус хийлгэхэд бүтэн зургаан сарын турш хоол хүнсээр авах хэмжээний төмөр хүний биед хуримтлагдан ордог байна. Хүн үүнийгээ өөрөө гадагшлуулж чаддаггүй учир элэг, зүрх гэх мэт эрхтэнүүдэд аюул учируулаад зогсохгүй үхэлд хүргэж болзошгүй талаар эмч нар бидэнд хэлж байгаа. Тиймээс маш яаралтай таарах эсийг олж, хагалгаанд оруулахгүй бол төрсөн цагаасаа эхлэн үхлийг сөрөн амьдарсан бяцхан хүүд минь энэ удаа хамгийн хэцүү үе тулгараад байна. Билгүүдэйгийн дөнгөж төрсөн нялх дүүгээс нь саяхан шинжилгээ авсан боловч харамсалтай нь шинжилгээний хариунд дурьдсанаар дүү нь ахдаа донор болох боломжгүй болсон тухай бид саяхан сонсч, эцэс сүүлд нь бяцхан хүүгийн минь алтан амийг аврахад сайхан сэтгэлийн туслалцаа үзүүлэхийг хүсэн, ард түмэндээ хандаж байгаа юм.

Хүүд минь таарах донор олдож, цаашлаад эмчилгээний |мэс засал| зардлынхаа асуудлыг шийдэж чадвал хүний орчлонд хувь тавилангаар мэндэлсэн хайрт үр минь эргэлзээгүй хөл дээрээ босох найдвар байгаа билээ. Чөмөг шилжүүлэн суулгах мэс засалд 60 сая, мэс заслын дараах эмчилгээнд 40 орчим сая төгрөг шаардлагатай тухай

бидний холбогдсон эмнэлэгийн байгууллагууд хэлж байгаа.

Миний хүүгийн өвчин эдгэрэх найдваргүй хорт хавдар биш боловч хүүгийн эмчилгээний зардал ийн 100.000 сая төгрөг хүрч байгаа нь эгэл жирийн гэр бүл бидэнд хүндээр тусах их мөнгө юм.

Элэг нэгт ахан дүүс та бүхнийгээ хүүгийн минь алтан амийг аварч, тусламжийн гараа сунгана гэдэгт гүнээ найдаж байна. Хэрэв та бидний илгээсэн энэхүү захидлыг уншсан бол tsengel1234@yahoo.com хаягаар захидал илгээж болох юм. /Та дэлгэрэнгүй мэдээллийг http://bilgyydei.com.ne.kr сайтаас үзнэ үү/

Бидэнд тусалж, сайхан сэтгэлийн гараа сунгасан та бүхнийг хүсвэл бид хүүгийн эмчлүүлж буйг батлах бүх бичиг баримтыг танилцуулж болно. Бидний балчир үрийг өөрийн үрсийн нэгэн адил хайрлаж, хүүд минь амьдрал хайрлах хүний дээд буянд дагах та бүхэн Билгүүдэйд маань хандив өргөхийг хүсвэл Хаан Банкны 5020672814 тоот төгрөгийн, 5020672825 тоот ам. долларын дансанд хандан, хүүгийн нэрээр шилжүүлж болох юм. Бид Монгол хүний саруул ухаан бяцхан хүүг минь түшинэ гэдэгт итгэж байна. Монголын үрс маш олон болох болтугай.

Билгүүдэй хүүгийн аав Баярцэнгэл, ээж Ариунцэцэг, дүү Ануудай нараас.